Хоёрдугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
ИЙМЭЭС ИРГЭДЭД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.