Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААТАН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2021-11-24

Цаатан иргэд төрийн тэргүүнийг ирэх сургаар зүүн тайгадаа цуглажээ. Цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулж орлого олох боломж хомс. Төрөөс сар бүр тэтгэмж авдаг болсон нь амьдрал ахуйд нь маш их нэмэр болж байгааг цаатан иргэд хэлж байлаа. Цаатан иргэд цаа бугаа хүнсэндээ хэрэглэхээ бараг больж, энэ хэрээр нэг үе 400-аар тоологдож байсан цаа бугын тоо толгой одоо 2000 гаруй болжээ. Тайгад амьдардаг цаатан иргэнд 2013 оноос эхлэн Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй, хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр тэтгэмж олгодог болсон. Цаатан иргэн энэ онд сар бүр 213800, хүүхэд 106900 төгрөг авч байна. Мөн 2016 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нийгмийн даатгалд хамруулж байгаа юм. Өнөөг хүртэл тэтгэмж, шимтгэлд нийт 5.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2021 оны 10 дугаар сарын байдлаар гэхэд л 395 иргэн, хүүхдэд 671 сая төгрөгийн тэтгэмж олгож, 192 хүний 140 орчим сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байгаа. Цаатан иргэд цаа буга маллахыг туслах аж ахуйд тооцож байгааг өөрчилж зургаа дахь хошуу мал болгох хүсэлтэй байгаа. Ингэвэл цаатан иргэд малчин өрхөд тооцогдож тэтгэвэр авах, арилжааны банкны зээлд хамрагдах зэрэг боломж бүрдэхийг хэллээ. Мөн Улаан тайгыг улсын тусгай хамгаалалттай газар болгосон нь цаа бугаа маллаж амьдрахад хүндрэл үүсгэж байгаа учир дэглэмийг нь бууруулахад анхаарахыг хүсэв. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын багийн эмч Н.Даваажав эм, тарианы байнгын нөөцтэй байх, багийн эмчид олгодог байсан 40 хувийн нэмэгдлийг сэргээхийг хүсчээ. Өвөрмөц соёл, аж ахуйтай цаатан иргэдийг төр, засаг онцгойлон анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотгож, тулгамдсан асуудлыг нь цогцоор нь судалж үзэхээ хэлэв. Мөн хилийн 0257 дугаар ангийг өргөтгөж, ирэх жилээс Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих болсныг дуулгав. Түүнчлэн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчноо хамгаалах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр ажиллахаа хэлж, цаатан иргэдийг ой мод, гол усаа хайрлаж хамгаалж байхыг захилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%