Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Мөрөн сумын ГХУСАЗСЗ-ийн 2014 оны тайлан

2014-11-12

МӨРӨН СУМЫН ГХУСАЗСЗӨВЛӨЛӨӨС ХИЙЖ БАЙГАА

АЖИЛ, ЦААШИД ТАВИХ ЗОРИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ

ТУХАЙ

 

    

 

          Мөрөн сумын ГХУСАЗСЗөвлөл нь 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, ажлаа жил, улирлаар төлөвлөн Монгол Улсын  ГХУС тухай хууль болон бусад хууль тогтоомжоор заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэн сумын нутаг дэвсгэрийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  гарч буй гэмт хэрэг, хэв журмын шалтгаан нөхцлийг тогтоох, бууруулах, таслан зогсоох чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусган, аймгийн ГХУСАЗЗөвлөл болон бусад хууль хяналтын байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зорилго чиглэлтэй ажиллаж байна.

          Сумын ГХУСАЗСЗ-ийн 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу хийж буй ажлын талаар танилцуулахад:

          Тус сумын салбар зөвлөл нь: зөвлөлийн гишүүдийн хурлыг 3 удаа хуралдуулж, цаг үеийн тулгамдсан ажил асуудлаа ярилцан шийдвэрлэж, зөвлөлийн гишүүдэд багуудыг хариуцуулан өгч, үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд улирал тутам хийсэн ажлын тайлан мэдээг авч нэгтгэж байна.

          Мөн оны эхний улиралд архины хамааралтай болон “РС” тоглоомын газруудын нэгдсэн судалгаа гаргуулах,  үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулсан болно.

          Энэ явцад архины хамааралтай 158 гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг иргэд судлагдсан буюу үүний 148 буюу 93,6% нь эрэгтэйчүүд, 10 буюу 6,4% нь эмэгтэйчүүд байна.

          Архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг 77 иргэн байгаа бөгөөд 71 буюу 92,2% нь эрэгтэй, 6 буюу 7,8% нь эмэгтэй хүн байна. “РС” тоглоомын газрууд 7-р багт 2,  8-р багт  6  бүгд 8 газар үйл ажиллагаа явуулж байна.

          Мөрөн суманд эхний 8 сарын байдлаар 195 гэмт хэрэг гарсан нь бусад сумдтай харьцуулахад ихээхэн өндөр байна.

          Энэ гэмт хэргүүдийн байршлаар нь авч үзвэл орон байранд 86 буюу 44,1%, гудамж талбайд 52 буюу 26,6%, албан газар 13 буюу 6,6%, хөдөө хээр 11 буюу 5,6%, олон нийтийн газар  29 буюу 14,8%,  бусад газар 2 тус тус үйлдэгдсэн байна.

          Хамгийн олонх хувийг зонхилон эзэлж байгаа орон байрны хулгайг багасгах талаар онцгойлон анхаарч ажиллах шаардлага гарч байна.

          Орон байрны хулгайд эд хөрөнгө алдах явдалд манай хууль хяналтын байгууллага, зөвлөлөөс хамтран ажиллаж байгаа боловч манай иргэд өөрсдөө туйлын сонор сэрэмжтэй байх талаар  анхаарах цаг болсон, тухайлбал: айл өрхийн холбоо байхгүй, цонх, хаалга нь ямар ч бэхэлгээ байхгүй байдаг, орчин үеийн вакум цонх гаднаас нь хальт түлхэхэд л онгойдог байх жишээтэй, хашааны хаалга гаднаас нь цоожлон эзэнгүй байна гэдгээ шууд илэрхийлсэн зэрэг нөхцөл боломжийг бүрдүүлж байна.

          Хулгайчид хэсэг бүлгээрээ зохион байгуулалтанд орж иргэдийн эд хөрөнгөнд халдаж, ихээхэн хэмжээний хохирол учруулаад өөрсдөө цөөн төгрөгөөр худалдан зарах явдал газар авч байна.

          Үүнээс манай иргэд онцгой сонор сэрэмжтэй, айл хот саахалтаар хөршийн холбоотой байж мэдээллийг нууцлалын байдалтай хууль хяналтын байгууллагад мэдээлж байх нь энэ хэргийн бууралтанд нөлөөлөх дөхөм болно гэж үзэж байна.

          Эрх зүйн  сургалтыг Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн сургалтын төлөвлөгөөний дагуу тусгай хөтөлбөр гарган, 2014 оны хагас жилийн байдлаар 6 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 2500 гаруй иргэнд эрх зүйн анхан шатны мэдээллийг ярилцлага, лекц, сургалт, асуулт хариулт, танин мэдэхүйн, амьдрах ухааны сургалтуудтай хослуулан хийж, хууль эрх зүйн мэдлэгийг олгосон байна.

          Нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бууруулах архидалт, архины хамааралтай иргэдийг эмгүй сэтгэл зүйн эмчилгээнд хамруулах ажлыг “Сүүн тахилт”, “Ирээдүй бидний гэрэл” ТББайгууллагууд, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага хамтран “Хорт зуршлаас-Хол байцгаая” сэдэвт архины хор уршгийг ойлгуулах, танин мэдүүлэх сургалт, хууль эрх зүйн мэдээллийг 23 хуулиар мэдээлэл бэлтгэж, сургалт зохион байгуулав.

          Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи тамхины хуулийн талаар мэдээлэл өгч ажилласан бөгөөд  “Мөнгөн хонх”-ны баярыг архигүй тэмдэглэх  Сумын  Засаг  даргын  2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А-104 дүгээр захирамж гарч, хэрэгжүүлсэн ба энэ өдөр ямар нэгэн гэмт хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлж хуулийг хэрэгжүүлэн тэмдэглэсэн байна.

          Хууль эрх зүйн мэдлэг боловсрол олгох сургалтыг амьдрах ухааны болон танин мэдэхүйн сургалттай хослуулан явуулах нь үр дүнтэй гэж үзлээ.

          Цаашид эрх зүйн албан бус сургалтын иргэний танхимтай болж мөн хуулийн сангийн баяжилтыг сайжруулан, гарын авлага, боршур хийж, мэдээллийг хүртээмжтэй ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажиллах болно.

Хууль зүйн Дотоод хэргийн яам, Архидалт мансуурлын эсрэг ассоциацаас гаргасан архины хор хөнөөлийн талаар сургамжит, зохиомжит киног төгсөх ангийн сурагчдад үзүүлж, архины хор хөнөөл, архины буруу хэрэглээ, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг мэдээ, мэдээллийг өгч, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг тайлбарлан сурталчилсан болно.

          Аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтарч сар бүр сумын нийт баг бүрт гарсан гэмт хэргийн талаарх мэдээллийг гаргаж, багуудын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэхэд нэг үзүүлэлт болгон хэрэгжүүлж байна.

          2014 оны 05 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх” зэрэг сэдвээр сургалт явууллаа. Үүнд:

 Мөрөн ахлах 2-р сургуулийн төгсөх ангийн 96 сурагч, “Гурван-Эрдэн”э сургуулийн 89 сурагч, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 84 сурагч, “Аваргууд” сургуулийн 35 сурагч, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, мөн “Ирээдүй-XXI зуун цогцолбор” сургуулийн төгсөх ангийн сурагчид тус тус хамрагдсан байна.

          Аймгийн ИТХ-ын 2014 оны 31, 54 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх, Аймгийн Прокурорын газрын албан мэдэгдлүүдээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, биелэлт явцад нь хяналт тавих, биелэлт үр дүнг тооцон, тайлан мэдээг улирал тутам болон тогтоосон хугацаанд мэдээлж, ажиллаж байна.

       Аймгийн Прокурорын газрын мэдэгдэлд өгөгдсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор багууд болон байгууллагуудад хандаж хийх ажлын чиглэл өгч, биелэлт үр дүнг эцсийн байдлаар 10 дугаар сарын 15-нд тооцохоор төлөвлөн ажиллаж байна.

        Сумын ГХУСАЗСЗ-ийн ажлыг тогтмолжуулан ажиллаж байгаа ажлын зарим эхлэл байгаа боловч учир дутагдал байгаад дүгнэлт хийж байна.

          Тухайлбал: Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь далайц муутай олон түмнийг хамрах хүрээ муу, иргэдийн идэвх оролцоог хангах мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагаа сул, ажлаа сурталчлах, хууль сурталчлах зэрэг дутагдал зөрчил байгаа болно.

          Ажлынхаа үр бүтээл, амжилт ололтоо бататган, гарч буй дутагдалд дүгнэлт хийж, цаашид дараах зорилт тавьж ажиллах болно.

1.   Сумын ГХУСАЗСЗ-ийн ажлыг  Аймгийн ГХУСАЗЗ-ийн ажилтай уялдуулан дэмжлэг авч зохион байгуулах,

ажил төрлийн амьд холбоо тогтоож ажиллах.

2.   Иргэдийн идэвх оролцоог хангах, тухайн багуудад байгаа идэвхтэй нөлөө бүхий иргэдийн санаа бодол, үйл

ажиллагаанд тулгуурлан, аливаа арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлэх.

          3.Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар төрөлжсөн сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллагааг шуурхай зохион байгуулах.

    4. Нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд болон хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, тэдний дэмжлэг туслалцааг авч ажиллах.

          5. Иргэдээ мэдээ мэдээллээр хангах боршур, гарын авлага тараах, хэвлэл мэдээллийн байгууллагуутай гэрээ байгуулан хамтран ажиллах.

          6. Малын хулгайтай тэмцэх чиглэлээр мал аж ахуйгаа эрхлэн амьдарч байгаа иргэдэд мэдээ мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулж, хот айл саахалтаар энэ чиглэлээр нэгдэн нөхөрлөл холбоо байгуулах хөдөлгөөн өрнүүлэх санал санаачлагыг дэмжиж урамшуулах.

       7. Хүүхдүүдийн дунд хүүхдийн эрх чөлөөний эсрэг гарч байгаа гэмт хэрэг, гэр бүл дэх хүчирхийлэл, архидалтын талаар ЭССЭ бичлэг, зургийн уралдаан зарлах,  ном бүтээлгэх, тэр бүтээлүүдийг эцэг эхчүүдэд нь хүндэтгэлтэй бэлэглүүлэх.

    8. Хууль сурталчлах чиглэлээр жүжигчилсэн тоглолт зохион байгуулах,  олон түмэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл TV-ээр хүргэх.

          9. Сумын ГХУСАЗСЗөвлөлийн ажлыг цахим хэлбэрээр болон мэдээллийн самбарт сурталчлах.

          10. “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг ГХУС хууль сурталчлах төв болгох, тэргүүний ажиллагаатай өөрийн аймгийн болон бусад аймгийн туршлага судлах, хамтарч ажиллах зэрэг зорилт тавьж байна.


                                                                            МӨРӨН СУМЫН

                                                                                   ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%