Мөрөн сумын ИТХ-ын болон ЗДТГазрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Тус нээлтийн үеэр Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Орлогч дарга М.Очирхуяг болон газар агентлаг, боловсролын газар, сургууль цэцэрлэгүүд, иргэд, хэвлэл мэдээллийнхэн зэрэг хүмүүс өргөн хүрээтэйгээр оролцон, баяр хүргэж үг хэлж, дурсгалын зүйл гардуулав. Мөн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын үе үеийн удирдлагууд урилгаар оролцож, тэдэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, "Авъяас-VIII" сургуулийн морин хуурын ангийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт үзүүллээ. Энэ үеэр Сумын ЗДТГазрын дарга Г.Нэргүй, ИТХ, ЗДТГ-ын ерөнхий ня/бо Т.Алтантуяа нар МНУХ-ны шагналаар, шинэ байр барихад ажлаараа тэргүүлж ажилласан гүйцэтгэгч компаний 2 хүнийг ИТХ-ын болон ЗДТГ-ын шагналаар шагнаж урамшуулав. ИТХурал болон ЗДТГазар нь иргэдтэйгээ ойр, нээлттэй ажиллах үүднээс "Мөрөн хотын иргэдэд үйлчлэх төв" гэсэн шинэ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. ИТХурал, ЗДТГазрын ажилтнууд албад, тасгаараа удирдлагуудтайгаа дурсгалын зураг авхуулав. Шинэ байранд орсноор байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд хоорондын харилцаа үйлчилгээ сайжирч, их ач холбогдолтой байгаад Сумын ИТХ-аас тэмдэглэж байна.