Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Сумын танилцуулга

2017-05-03

МӨРӨН /ХОТ/ СУМЫН

ТАНИЛЦУУЛГА

 

 

2017 он                                                                                                    Мөрөн

 

        Хоймор нутгийнхаа хилийг баганадсан  алдарт Улаан тайгаасаа эх аван үеийн үе, үрийн үрд зон олноон ундаалсаар ирсэн Дэлгэр их Мөрөн, Эрчмийн нуруу, Алдарт Бүрэнхаан, Дулаан хайрхан, Өндөр Ухаа, Уран-Мандал зэрэг нутаг нугийнхаа уул, ус, овоо толгод, булаг шандаар тойрон хүрээлэгдсэн энэ л дэлгэр баян нутаг усанд одоогоос 190-ээд жилийн тэртээ Мөрөнгийн хүрээ буюу Гандандаржаалин хийд үүсэн байгуулагдаж, тэнд 21 дуган, 2000 гаруй лам нар шавилан суусан томоохон хурал номын төв болсноор хүн ам олноор суурьших болжээ. Иймээс энэхүү хүн амын бөөгнөрлийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 1-р сарын 13-ны өдрийн 2-р тогтоолоор Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Дэлгэрмөрний хөвөөнд нүүлгэн шилжүүлснээр аймгийн төвийг “Мөрөн” хэмээн нэрлэжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны  8-р сарын 1-ний өдрийн 104 дүгээр зарлигаар 7 хороо хорин, 836 өрх, 3200 хүн ам, 10,7 мянган малтай, дунд сургууль, малын их эмчийн салбар, хоршоо сүү тосны завод, сүүний тасаг, хүний их эмчийн салбар бүхий Мөрөн хороо захиргаа гэсэн бие даасан засаг захиргааны нэгж болгосон байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 1-р сарын 9-ний өдрийн 7 дугаар зарлигаар “Сүхбаатарын  зам” нэгдлийг харъяалуулан Бүрэн сумыг шинээр байгуулж Мөрөн хороо захиргаанд аймгийн төвийг дангаар нь харъяалуулжээ. Ингэснээр Мөрөн хороо  захиргаанд 10 хороо бүхий 1650 өрхийн 11174 хүн ам, 8635 толгой мал, Худалдаа бэлтгэлийн анги, артель, хоёр цэцэрлэг, ясли, үйлчлэх тасаг, фото зургийн газар зэргийг шилжүүлсэн байна. Удалгүй  АИХ-ын  Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 26-ны өдрийн 136 дугаар зарлигаар Мөрөн нь орон нутгийн хот гэсэн алдрыг хүртсэнээс хойш эдүгээ 52 жилийн түүхэн замналыг туулан өнгөрүүлээд байна.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот 10,3 мянган га нутаг дэвсгэртэй, 14 багтай, 2016 оны жилийн эцсийн байдлаар  38382 хүн амтай, түр оршин суугч -4702, нийт  өрхийн    тоо-11880, 214186 толгой малтай, ихэвчлэн газар тариалан, төмс хүнсний ногоо тарих аж ахуй эрхэлж, Мөрөн сумын иргэдийг төрөл бүрийн хүнсний ногоогоор хангаж ажилладаг байна.

Мөрөн хотод иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудалд чиглэгдсэн нэгдсэн эмнэлэг-1, хувийн хэвшлийн эмнэлэг-8, өрхийн эмнэлэг-4, ЕБС-8, хүүхдийн цэцэрлэг-12, коллеж-1, МСҮТөв-1 ажилладаг ба дээрх сургууль, цэцэрлэгүүдэд 13,0 мянга орчим оюутан сурагчид хамрагдаж байна. Мөрөн хотод иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц талх, нарийн боов, мал нядалгаа, сүүний зэрэг хүнсний 10 шахам үйлдвэр ажиллаж, тулгуур, тоосго, бетон, төмөр хийц, вакум цонхны болон эсгий хийх, ноос, ноолуур угааж самнах зэрэг 60 гаруй жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний 300 шахам газар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна 110 квт цахилгаан дахин дамжуулах станц, 1000 тн мах хөлдөөж боловсруулах цех, гурил тэжээлийн үйлдвэр, интернетийн сүлжээ, аялал жуулчлалын төв, түүхий эд, хүнс, барааны зах, ногооны зоорь зэрэг үйлдвэр үйлчилгээний газруудтай хөдөөгийн сумдаа тэтгэсэн эдийн засгийн гол төв болон хөгжиж байгаагийн дотор Монгол улсын хэмжээнд эхний 5-д орох бараа, хүнс, түүхий эдийн худалдааны 3 төв ажиллаж баруун аймгуудыг худалдаа, түүхий эд, хүнсний бараа материалаар хангаж байна. Манай улсын хотуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харьцуулахад Мөрөн хот нь хэвлэл мэдээллийн байгууллагын тоо, хэвлэлийн эрх чөлөөгөөрөө эрс давуу талтай байдаг. Тухайлбал: Мөрөн хотод орон нутгийн телевиз-4, радио нэвтрүүлгийн редакци-1, FM радиогийн суваг-2, сонины редакц-2, радиогийн дахин дамжуулах станц-1, кабелийн телевиз-3 ажиллаж Мөрөн хотынхоо иргэдийг цаг үеийн мэдээллээр хангахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Мөрөн хот нь 2000 оноос хойш эрчимтэй хөгжиж орчин үеийн шинэ загварын байшин барилга, орон сууц олноор баригдан хатуу хучилттай зам нэмэгдэж, замын гэрэлтүүлэг шинэчлэн тавигдлаа. Хотын гэр хороолол их хэмжээгээр тэлж байгаатай уялдуулан хот дотор 70 гаруй такси, 3 том автобус, 52 микроавтобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Мөрөнчүүд бид төрөлх хотоосоо төрөн гарсан алдар гавъяатай ахмадуудаараа бахархаж тэдний үлгэр дууриаллаар ажиллаж амьдарч байна.

Мөрөн хотоос олон арван гавьяат  үйлстэн төрөн гарсан. Тухайлбал:  Монгол улсын Хөдөлмөрийн баатар Г.Түчин, Д.Пүрэвдаш, Гавьяат үйлстэнүүд З.Мяхлааш, М.Бадрах, Ц.Төмөр, Ж.Нямжав, С.Сосор, Г.Баасанжав, Д.Чилхаажав, Б.Дамдиндорж зэрэг 30 гаруй гавьяат алдартнууд төрөн гарсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%